Ордууд өглөөг хэрхэн эхлүүлбэл хамгийн тохиромжтой вэ?

022

Хонины орд

Өглөөг эхлүүлэх хамгийн шилдэг арга бол дасгал хийх. Чи төрөлхийн эрч хүчтэй нэгэн болохоор ингэж өглөөг эхлүүлэх нь чамд хамгийн их тохирно. Өглөөний дасгал нь өдрийн турш өөрийн сэтгэл зүйг хэрхэн удирдах вэ гэдэгт сургахаас гадна зарчимч хандлагыг төлөвшүүлдэг.

Үйлдэл хийснийхээ дараа л боддог түрэмгий зантай хониныхон өглөөг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр эхлүүлснээр илүү эерэг, тайван хандлагатай болно. Ийнхүү өглөө бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь чамайг стресс, уур бухимдалгүй идэвхтэй амьдралын хэв маяг руу хөтөлнө.

Үхрийн орд

Өглөөг эрүүл өглөөний цайгаар эхлүүлэх нь хамгийн тохиромжтой. Өглөөний цайны орц нь бие организмыг чинь тэтгээд зогсохгүй идэхэд тааламжтай байх хэрэгтэй. Чиний хувьд өглөөний цай ямар байхаас тухайн өдрийн эрч хүч ихээхэн хамаарна. Өөрийгөө хайрлах хамгийн энгийн алхам бол эрүүл амьдралын хэв маягийг бий болгох явдал юм.

Өглөөний цайгаа тогтмол ууж заншсанаар өдрийн турш эерэг, тайван хандлагатай байна. Тэгэхээр өглөөд өөртөө хэдхэн хормыг зориулж хэвшээрэй.

Ихрийн орд

Бясалгал бол чиний өглөөг эхлүүлэх хамгийн тохиромжтой арга юм. Чиний тархи маш олон гайхамшигтай бодол, шинэ санаа, сониуч хандлагын ширэнгэн ой л гэсэн үг. Заримдаа тархинд чинь эргэлдэх зах хязгааргүй тэдгээр бодол чамайг ядраах нь бий. Өглөөг бясалгалаар эхлүүлэх нь тайвшралыг мэдрүүлнэ. Тайван байдал төвлөрөхөд чинь тусална.

Бясалгалын ач холбогдлыг тоочоод баршгүй. Ямартай ч өдрийн турш чамайг эерэг, тайван байхад нөлөөлөхөөс гадна амьдралынхаа чухал зорилго, мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөх хөшүүрэг болж өгнө. Товчхондоо чамайг өөр зүйл рүү амархан сатаарч үсчихээс хамгаална.

Мэлхийн орд

Өөртэйгөө ярилцах цаг гаргах нь өглөөг эхлүүлэх хамгийн тохиромжтой арга юм. Өглөө бүр өөртөө төсөөллийн цагийг гаргаарай. Ингэхдээ тухайн өдрийн турш ямар сэтгэл зүйтэй баймаар байна, өдрийг хэрхэн бүтээмээр байгаагаа нэг бүрчлэн төсөөлөн бодоорой.

Бодол биеллээ олдог болохоор төсөөлсөн эерэг, гайхамшигтай бүхэн чинь өдрийн өнгийг тодорхойлж өдөр бүрийг эрч хүчтэйгээр өнгөрүүлэх үндэс болно. Түүнчлэн өдөр бүр өөрийн зорилго, хүсэл мөрөөдөлдөө төвлөрөхөд чинь туслах энгийн боловч ер бусын энэ аргаар өглөө бүрийг талархан угтаж байгаарай.

Арслангийн орд

Өөрийгөө хайрлаж, өөртэйгөө ярилцах цаг гаргаж өглөөг эхлүүлэх нь чамд хамгийн тохиромжтой. Өөрөө өөртөө ямар хөөрхөн болохоо, ямар ухаалаг болохоо өглөө бүр давтан хэлж өөрийгөө зоригжуулж байгаарай. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлах цаг гаргах нь өөртөө итгэлтэй, эрч хүчтэй нэгэн болоход чинь тусална.

Чамд юу эрч хүч өгдөг вэ? Амьдралдаа мөрдлөг болгодог ямар ухаарал хайрласан үгс байдаг вэ? Тэдгээрийгээ унших эсвэл дуртай дуу хөгжмөө сонсох зэргээр өглөөг зөвхөн өөртөө зориулж хэвшээрэй.

Түүнчлэн тухайн өдөр юу хийж бүтээмээр байгаагаа бичиж тэмдэглээрэй. Ингэх нь зорилгодоо төвлөрөхөд туслахаас гадна хүссэндээ хүрэх замыг чинь чиглүүлж өгнө.

Охины орд

Тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж эхлүүлэх нь чамд хамгийн тохиромжтой. Чи төрөлхийн аливаад зохион байгуулалттай, эмх цэгцтэй хандахаас гадна аливааг нэг бүрчлэн анхаарч авч үздэг болохоор өдрийг тухайн өдөр хийх хамгийн чухал зүйлс дээрээ төвлөрч эхлүүлэх нь хамгийн чухал.

Өглөө бүр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж харин орой нь тухайн өдрийнхөө бүтээмжийг дүгнэж хэвшээрэй. Ингэх нь чамд юуг орхигдуулсан байна гэдгээс эхлээд өшөө илүү юуг хийж бүтээх вэ гэдэгт төвлөрөх урам зориг, итгэлийг өгөх болно. Хэчнээн амармаар санагдсан ч гаргасан жагсаалт чинь чамайг хурцалж илүү бүтээлч амьдрахад чиглүүлж өгнө.

Жинлүүрийн орд

Өглөөг талархаж эхлүүлэх нь хамгийн тохиромжтой. Чи төрөлхийн нийтэч ордуудын нэг болохоор өдрийн ихэнх цагийг нийгэмтэйгээ өнгөрүүлдэг. Ингэхдээ өөрийгөө ихэнхтэй нь харьцуулж амьдралдаа, өөртөө сэтгэл ханамжгүй үлдэх хандлага цөөнгүй гаргадаг.

Тэгвэл хэнтэй ч өөрийгөө харьцуулах хэрэггүй. Чи бол энэ орчлонд цорын ганц нэгэн. Эрдэнэт хүний төрлийг олж мэндэлсэндээ талархалтай хандаж, ихийг хийж бүтээх атал аахар шаахар зүйлд цаг гаргах нь ямар ч утгагүй.

Тиймээс өглөө бүрийг амьдралдаа талархдаг 5 зүйлийг жагсаан бичиж эхлүүлж байгаарай. Ингэх нь өөрийгөө хайрлан зорилгодоо төвлөрч, гайхамшгийг бүтээхэд чинь чиглүүлж өгнө.

Жич: Хэрвээ өөрийгөө үнэхээр өөр хэн нэгэнтэй харьцуулмаар байгаа юм бол өөрөөсөө илүү хүндхэн амьдралыг туулж яваа хүмүүстэй харьцуулж нэг хараарай. Тэр цагт чи өөрийн амьдралдаа чин сэтгэлээсээ талархах болно.

Хилэнцийн орд

Өдрийн тэмдэглэл хөтөлж өглөөг эхлүүлэх нь чамд хамгийн тохимрожтой. Чи төрөлхийн л аливааг гүнзгийрүүлэн судлах дуртай нэгэн. Харсан үзсэн эсвэл уншсан юуханд ч дүгнэлт анализ хийх чадвартай. Заримдаа амьдралд хэрэгжүүлэх шинэ санаагаа тэмдэглэлээсээ олох нь бий.

Бичиж тэмдэглэх нь чамайг илүү зохион байгуулалттай, цэгцтэй амьдрахад тусална. Өдрийг эхлүүлэх тэр тэмдэглэл юуны ч талаар байж болно. Өглөө сэрэнгүүт төрсөн бодол эсвэл өнгөрсөн шөнийн зүүднийхээ талаар гэх мэт.

Гэхдээ тухайн өдөр хийхээр бодож төлөвлөсөн зүйлсээ бичиж тэмдэглэх нь өдрийг илүү үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тусална. Төрсөн санаагаа цаг ямагт тэмдэглэж хэвших нь гайхамшгийг бүтээх үүдийг нээнэ. Тэмдэглэлээсээ чи өөрийгөө хэн бэ гэдгийг ч танин мэдэж авна.

Нумын орд

Эрэл хайгуулж хийж өөрийгөө хөгжүүлэх цаг гаргах нь өглөөг эхлүүлэхэд чамд хамгийн тохиромжтой. Шинийг танин мэдэх их хүслэн хийгээд аялал бол чамайг илэрхийлэх №1 онцлог. Тэгэхээр үүнийгээ өдрийг эхлүүлэх хамгийн чухал хэсэг болгоорой.

Алхам тутамдаа амьдралын хүнд бэрх сорилтуудтай тулгарч яваа ч өөртөө цаг гаргадаг байх хэрэгтэй. Өглөөгүүр унших нь хийсвэрлэнтөсөөлөх чадварыг чинь нэмэгдүүлээд зогсохгүй шинэ газар орноор аялах, танин мэдэхүйн их хүслийг чинь өдөөж өгнө. Ингэснээр өдрийг илүү эерэг, бүтээлчээр өнгөрүүлэхэд тусална.

Магадгүй унших дургүй нэгэн бол ирээдүйнхээ талаар хийсвэрлэн төсөөлж болох юм. Сониучхан оюундаа хөтлөгдөн хүрэх газраа бодол сэтгэлдээ өглөө бүр зураглаж байгаарай.

Матрын орд

Өглөөг амьсгалын дасгал хийж эхлүүлэх нь чамд хамгийн тохиромжтой. Учир нь чи эерэг, тайван хандлагатай байхдаа илүү бүтээлч байдаг. Амьсгалын дасгал хийснээр хүн төрөлхтөн өөрийн бие махбод хийгээд оюун бодолтойгоо бүрэн холбогдож байдаг. Тэгэхээр өглөө болгон хэдхэн гүнзгий амьсгаа авснаараа чи гайхамшгийг бүтээж чадна.

Хүн амьсгал дээрээ төвлөрөөд ирэхээр тайвшралыг мэдрэхийн зэрэгцээ хийж бүтээх үйл дээрээ төвлөрч ирдэг. Өөрийгөө танин мэдэх цөөн хормыг өглөө бүр өөртөө гаргаснаар бүхий л өдрийг эрч хүчтэй, зорилго хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай идэвх чармайлттайгаар хөдөлмөрлөж өнгөрүүлэх болно.

Хумхын орд

Өглөөг аливааг урнаар төсөөлөх цаг гаргаж эхлүүлэх нь чамд хамгийн тохиромжтой. Амьдралд заримдаа хаа нэг тийшээ оргочихмоор үе цөөнгүй гардаг. Ялангуяа ийм үе чамд хийхийг хүсэхгүй зүйлтэйгээ нүүр тулгарах цагт олонтоо тохиолддог. Тэгвэл түүнээс зугтаах төгс шийдэл нь хийсвэр төсөөллийн ертөнцөөр аялж өөртөө багахан амралтыг өгөх явдал юм.

Өглөө сэрэнгүүтээ өнөөдрийг ямраар бүтээх вэ гэдгийг төсөөлөх цаг гаргаж байгаарай. Бодитой эсвэл бүтэшгүй ямар ч төсөөлөл хамаагүй. Бодлын хязгааргүй ертөнцөөр эрх дураараа аял. Бодол биеллээ олдог. Тэдгээр бодлыг чи л бодит болгоно.

Төсөөллийн ертөнцөд хийсэн ямар ч аяллын эцэст чиний сэтгэл санаа эерэг, эрч хүчтэй болсон байна. Ингэснээр өдрийг ямраар ч бүтээж чадна гэсэн үг. Тиймээс төсөөллийн аялал бүрийнхээ дараагаар мэдрэх хийж бүтээхийн их хүслэн болсон мохошгүй сэтгэл зүрхээрээ учрах бэрхшээлийг түүртэлгүй даван гарч байгаарай.

Загасны орд

Өглөөг дуу хөгжим сонсож эхлүүлэх нь чамд хамгийн тохиромжтой. Хөгжим чиний сүнслэг оршихуйтай ярилцаж бодол сэтгэлд чинь эерэг хүсэл тэмүүлэл, эрч хүчийг нэмнэ. Тэр ямар ч төрөл жанрынх байсан чамайг хүссэнээр чинь өөрчлөх шидтэй. Хамгийн гол нь түүнийг чи чин сэтгэлээсээ мэдрээрэй.

Амьдралд зарим өдөр тайвширч, төвлөрөх хэрэгтэй болдог бол заримдаа урам зориг өгөх хүчирхэгжүүлэлт хэрэгтэй болдог. Тэгэхээр тухайн өглөөнийхөө сэтгэл санааны байдлаас хамаарч өөртөө ямар дуу хөгжим илүү хэрэгтэй байна түүн дээрээ төвлөрөөрэй. Хөг аялгууны ер бусын ертөнц чамд өдөр бүрийг эерэг, бүтээлчээр өнгөрүүлэхэд туслах болно.

022

Сэтгэгдэл Үлдээх