Ордууд ба тэднийг эрхшээгч гараг, эрхэс

023

Хонины орд

Хонины ордыг эрхшээгч нь Ангараг гараг

Хониныхон эрэмгий дайчин, эрч хүчтэй Ангараг гаргийн нөлөөнд оршдог. Тиймээс ч эрхшээгч гаргийнхаа нөлөөгөөр цуцашгүй эрч хүчтэй, дайчин шинж чанартай хүмүүс байдаг. Гэм нь жаахан түрэмгий, зөрүүдлэх хандлагатай.

Домогт өгүүлснээр, Ангараг бол эртний Ромчуудын тахин шүтсээр ирсэн дайны бурхан бөгөөд хуяг дуулгаа түүний дүрээр чимэглэдэг байсан түүхтэй юм байна.

Үхрийн орд

Үхрийн ордыг эрхшээгч нь Сугар гараг

Гаргийг өөрөөр "Үүрийн цолмон", "Үдшийн гялаан", "Цолмон" ч гэж нэрлэдэг. Үхрийн ордынхон эрхшээгч гаргийнхаа нөлөөгөөр хүрсэн бүхэндээ ид шидийн мэт гоо сайхныг цогцлоон бий болгодог.

Домогт өгүүлснээр, Санчир гараг эцэг Тэнгэрийн вангаа хөнөөх үеэр цацарсан цус нь далайд нэвчин түүнийг жирэмслүүлж улмаар Цолмонг төрүүлсэн гэж үздэг.

Гоо үзэсгэлэн нь Италийн зураач Sandro Botticelli – ийн «The Birth of Venus» бүтээлээс томруун харагдана. Хайж үзээрэй.

Ихрийн орд

Ихрийн ордыг эрхшээгч нь Буд гараг

Ихэвчлэн далавчтай малгай, далавчтай шаахайтайгаар дүрслэгддэг Будыг хурдан хөлт элч гэж нэрлэдэг. Тэр бурхдын гаргасан ямар ч хүсэлт, шийдвэр, зарлигийг чадварлагаар биелүүлэх авьяастай. Энэ нь түүний харилцаа холбоо тогтоох чадвараар илэрнэ.

Ихрийнхэн ямар ч нөхцөл байдалд төвөггүй дасан зохицохын зэрэгцээ өөрийгөө маш сайн илэрхийлдэг нь эрхшээгч гаргийнхаа нөлөөтэй холбоотой байдаг.

Мэлхийн орд

Мэлхийн ордыг эрхшээгч нь Сар

Сар бол дэлхийд хамгийн ойр оршдог, тэр хэрээрээ бидний зан байдалд хамгийн их нөлөөлдөг тэнгэрийн эрхэс юм.

Тэрээр дотор хүнийг чинь удирддаг бөгөөд сүнслэг оршихуйн чинь гүн дэх хүсэл эрмэлзэл хийгээд сэтгэлийн хөдлөлийг өдөөж өгч байдаг.

Тиймээс мэлхийн ордынхон эрхшээгч гаргийнхаа нөлөөгөөр мэдрэмжтэй, мэдрэмтгий хүмүүс байдаг.

Арслангийн орд

Арслангийн ордыг эрхшээгч нь Нар

Арслангийнхан орчлон ертөнцийн төвд орших нарны нөлөөнд оршино. Амьдралыг тэтгэгч энэхүү эрхэс нь эрч хүчтэй, тэмцэгч, эрэлхэг чанарын илэрхийлэл юм.

Эртний Грек, Ромын домогт өгүүлснээр, нарны бурхан Аполло гал дүрэлзүүлсэн морин тэргээрээ өдрийн цагаар дэлхийг хэдэнтээ эргэж тойрон, нүд гялбуулам хурц гэрлээрээ тэнгэр эрхсийг гийгүүлэн гэрэлтдэг ажээ.

Эрхшээгч эрхсийнхээ нөлөөгөөр арслангийн ордынхон дайчин, хүчирхэг, омголон хүмүүс байдаг байна.

Охины орд

Охины ордыг эрхшээгч нь Буд гараг

Ихрийнхний нэгэн адил Буд гаргийн нөлөөнд оршино. Домогт өгүүлснээр, Буд нь бурхдын гаргасан ямар ч хүсэлт, шийдвэр, зарлигийг чадварлагаар хэрэгжүүлж, гүйцэтгэдэг элч юм. Энэ нь түүний олон зүйлийг нэгэн зэрэг нягт нямбай хийж, бүтээдэг чадвараар илэрнэ.

Охиныхон ямар ч нөхцөл байдалд төвөггүй дасан зохицохын зэрэгцээ өөрийгөө маш сайн илэрхийлдэг нь эрхшээгч гаргийнх нь нөлөөлөл юм.

Жинлүүрийн орд

Жинлүүрийн ордыг эрхшээгч нь Сугар гараг

Үхрийн ордынхны нэгэн адил "Үүрийн цолмон", "Үдшийн гялаан", эсвэл "Цолмон" ч гэж нэрлэгддэг Сугар гаргийн нөлөөнд оршино.

Жинлүүрийнхэн эрхшээгч гаргийнхаа нөлөөгөөр хүрсэн бүхэндээ ид шидийн мэт гоо сайхныг цогцлоон бий болгодог.

Домогт өгүүлснээр, Санчир гараг эцэг Тэнгэрийн вангаа хөнөөх үеэр цацарсан цус нь далайд нэвчин түүнийг жирэмслүүлж улмаар Цолмонг төрүүлсэн гэж үздэг.

Гоо үзэсгэлэнг нь Италийн зураач Sandro Botticelli – ийн «The Birth of Venus» бүтээлээс томруун харж болно. Хайж үзээрэй.

Хилэнцийн орд

Хилэнцийн ордыг эрхшээгч нь Дэлхийн ван гараг

Хилэнцийнхэн бүх зүйл нь ер бусын нууцлаг холбоонд байдаг газар доорх ертөнцийн бурхан Дэлхийн вангийн нөлөөнд оршдог.

Домогт өгүүлснээр, Грекийн гурван бурхан – Бархасбадь, Далайн ван, Дэлхийн ван – хэн нь газар дэлхий, далай тэнгис, газар доорх ертөнцийг удирдах вэ гэдгээ шоджээ. Үр дүнд нь Дэлхийн ван үхэгсдийн ертөнцийг захирах болсон түүхтэй гэнэ.

Хилэнцийн ордынхон ихэвчлэн нууцлаг байдаг нь эрхшээгч гарагтай нь бас холбоотой байдаг ажээ.

Нумын орд

Нумын ордыг эрхшээгч нь Бархасбадь гараг

Нумынхан нарны аймгийн хамгийн том гаргийн нөлөөнд оршдог. Домогт өгүүлснээр, Бархасбадийг эртний Ромд «Jupiter Optimus Maximus» гэж нэрлэдэг байсан нь агуу агаад хүчирхэг гэсэн утгатай.

Эрхшээгчийнхээ нөлөөгөөр нумынхан хамгийн шилдэг нь байхыг хүсдэг, заримдаа хүслээ дарж дийлэхгүй байх үе ч бий.

Нөгөөтээгүүр, Бархасбадь бол амьдралд дурлагч, жаргал цэнгэлийн бурхан юм байна.

Матрын орд

Матрын ордыг эрхшээгч нь Санчир гараг

Матрын ордынхон чанга хатуу, захирангуй Санчир гаргийн нөлөөнд оршино. Грекийн домогт түүнийг «Cronus» гэж нэрлэдэг бөгөөд энэ нь цаг хугацааны эцэг гэсэн утгатай.

Тэрээр эцэг Тэнгэрийн вангийнхаа харгислалыг таслан зогсоохын тулд арга буюу амийг нь хороосон түүхтэй.

Эрхшээгч гаргийнхаа нэгэн адил матрын ордыг бүх ордын эцэг гэж үздэг. Энэ ч утгаараа тэд эцэг, эх мэт хүндлүүлэхийг хүсдэг.

Хумхын орд

Хумхын ордыг эрхшээгч нь Тэнгэрийн ван гараг

Хумхын ордынхон тааварлашгүй эрч хүч, сэтгэл хөдлөл, үймээн самууны эзэн Тэнгэрийн ван гаргийн нөлөөнд оршдог.

Домогт өгүүлснээр, тэнгэрийн бурхан байсан тэрээр газар дэлхийн бурхан Gaia – тай эр эм бололцож үр хүүхэдтэй болсон ч тэднийгээ үзэн яддаг байжээ. Улмаар нэгийг нь дэлхий дээр хорьсон гэнэ.

Үүнийг нь эсэргүүцэж Gaia хадуур хийн, хүүхдүүдээсээ эцгээ хөнөөхийг хүссэн байна. Түүний хүсэлтийг хамгийн бага нь буюу Санчир ёсоор болгож, эцгээ хөнөөсөн түүх бий. Ингэж тэнгэр газар хоёр салжээ.

Эрхшээгч гаргийнхаа нөлөөгөөр хумхын ордынхон аливаад анхдагч, өөрчлөлт шинэчлэлтийн эзэн нь байж чаддаг.

Загасны орд

Загасны ордыг эрхшээгч нь Далайн ван гараг

Загасны ордынхон эртний Ромчуудын далай тэнгисийн хаан хэмээн өргөмжилж ирсэн Далайн ван гаргийн нөлөөнд оршино.

Домогт өгүүлснээр, Бархасбадь, Дэлхийн ван хоёр Далайн вантай уулзсаныхаа дараа орчлон ертөнцийг газар дэлхий, далай тэнгис, газар доорх ертөнц гэж гурав хуваажээ. Тиймээс Далайн ван нь далай тэнгисийг захирна.

Эрхшээгч гаргийнхаа нөлөөгөөр загасны ордынхны сэтгэл тэнгэр мэт уужим, далай мэт гүн болой.

023

Сэтгэгдэл Үлдээх